-”Би одоо 16 настай. Хангалуун, чинээлэг гэр бүлд төрж өссөн. Бага ангид байхаас л хөвгүүд миний хойноос хошуурч, би ч тэдэнд хүүхэд зангаар “дурладаг” байж билээ. Харин одоо бол аав надад “Танай ангийн шалдан банди нар чиний мөнгөнд л болж чамтай үерхэж байна. Тэдэнд чи биш, байр машин, эд мөнгө л чухал” гэх юм. Надад үерхдэг залуу бий. Гэтэл аавыг тэгж хэлснээс хойш найз залуу Б хүртэл мөнгөнд минь болж байгаа болов уу гэсэн элдэв бодол төрөөд хэцүү байна. Хэрхэхийг зөвлөөч!
-Хайр сэтгэл, мөнгө хоёрыг заавал сөргүүлж тавих хэрэггүй. Хослуулж яагаад болохгүй гэж? Нийгэмд эзлэх байр суурийг гагцхүү мөнгөөр бус тухайн хүний боловсрол, хүмүүжлээр хэмждэг. Хайртай хүн чинь чамаас доогуур зиндааны, мөнгө төгрөгний асуудалтай байсан ч яаран дүгнэлт хийх хэрэггүй.
Ухаалаг, авъяастай хүн чиний мөнгө, байр машинаас үл хамааран ямар ч нөхцөл байдалд өөрийгөө илэрхийлж, чадвараа харуулж чаддаг. Эцгийн үгийг сонсох хэрэгтэй ч, ягштал дага гэсэн үг бас биш. Залуу хүмүүсийн замын хүзүү урт гэдэг шүү дээ. Өсөн дэвжих, дээшлэх цаг хугацаа хангалттай байна. Цаг хугацааны явцад байр суурь солигдож чи биш тэр тэргүүлэхийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ аавын чинь хэлснээр үнэхээр мөнгөнд болж үерхдэг хөвгүүн байдаг.
Энэ нь ч мэдрэгддэг. Залуу үргэлж чамаас мөнгө зээлэхийг гуйх, буцааж өгөхөө, мартах, хамт хооллочихоод “тохиолдлоор” түрийвчээ гэртээ орхисон байх гэхмэтчилэн тийм ч таатай бус зан авир гаргах нь бий. Харин эсрэгээр үнэхээр чамд хайртай залуу мөнгө байхгүйдээ санаа нь зовно. Тиймээс харьцаандаа янз бүрийн өөрчлөлт оруулах нь эртдэнэ. Урьд нь хэрхэн харьцаж, хайрлаж байсан түүгээрээ л бай. Цаг хугацаа бүгдийг харуулна.